Алгасал баяр бол Бурханы жил тутам болдог гурван удаагийн долоон баярын анхны баяр юм. Бурхан эдгээр баярыг тогтоож, үеийн үед ариун баяр болгон сахь хэмээн тушаасан байдаг.
Эхний удаагийн баярт ариун календарийн нэгдүгээр сард тэмдэглэдэг Алгасал баяр ба Исгээгүй талхны баяр ордог.
Бурханы Алгасал баяр нь эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр болдог. Исгээгүй талхны баяр нь мөн сарын арван тавны өдөр эхэлдэг.
Леви 23:5-6 “Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно. Харин уг сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй талхны баяр бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх идэх ёстой.”
Хоёр дахь удаагийн баярт Амилалтын баяр ба Пентэкостын өдөр ордог. Гурав дахь удаагийн баярт ариун календарийн долдугаар сард болдог Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр багтдаг юм.
Библийн цөм нь Алгасал баяр
Алгасал баяр нь Библийн цөм ба Бурханыг дагахыг хүсдэг хүмүүсийн төлөөх дэндүү агуу үнэ цэнэ энэ баярт агуулагддаг юм. Алгасал баяраар Бурхан гамшгаас хамгаалж, нүглийн уучлал болон мөнх амь зэрэг олон ерөөл соёрхдог.
Алгасал баярын үүсэл
Израильчууд Египетийн боол байсан юм. Тэд 430 жилийн турш боолын амьдралаасаа чөлөөлж өгөхийг Бурханаас гуйн хашхирсан юм. МЭӨ 1498 оны үед тэдний залбиралд хариулан Мосе хэмээх эш үзүүлэгчээрээ дамжуулан Бурхан тэднийг Фараоноос чөлөөлүүлсэн байдаг.
Фараон тэднийг чөлөөлөхөөс татгалзахад Бурхан цус, мэлхий, дэлэнч, ялаа, тахал, буглаат хатги, мөндөр, царцаа, харанхуй зэрэг гамшиг буулгадаг. Харин хүн малын ууганыг цохих сүүлийн арав дахь гамшгаа буулгахаас өмнө Бурхан Мосе болон израильчуудыг Алгасал баяр сахиж, өөрсдийгөө хамгаал хэмээн айлдсан юм.
Гэтлэл 12:1-13 “Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН… Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. … хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав. … Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. … яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. … Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.”
Алгасал баярын хурганы цусыг хаалганыхаа тотго ба хатавчинд нялснаар израильчууд үхлийн гамшгаас хамгаалагдаж, эцэстээ боолчлолын жилүүдээс чөлөөлөгдсөн юм. Хожим нь тэд амлалтын Канаан нутаг руу аян замд мордсон билээ.
Алгасал баяраар израильчууд Бурханы хүч чадлыг биеэрээ харсан юм. Бурхан энэхүү Алгасал баярыг үе уламжлан тэмдэглэх учиртай үүрдийн зарлиг болгосон байна.
Гэтлэл 12:14 “Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.”
Шинэ гэрээний Алгасал баяр
Хуучин гэрээн дээр Бурхан ард түмнээ Алгасал баяр сахихад нь дайснаас нь хамгаалж, махан биеэр маш их ерөөл өгдөг байсан. Шинэ гэрээн дээр Бурхан ард түмэндээ нүглийн уучлал, мөнх амь, тэнгэрийн хаанчлалд нь буцаах амлалт зэрэг сүнслэг ерөөл өгөхийн тулд шинэ гэрээний Алгасал баяр тэмдэглэх тушаал өгсөн билээ.
Матай 26:17-18 “Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв.”
Шинэ гэрээн дээр Есүс Христ Алгасал баяр сахисан. Харин хурга нядалж, тотго хатавчиндаа цус нялаагүй юм.
Матай 26:26-28 “Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”
Лук 22:20 “Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”
Шинэ гэрээний Алгасал баяраар Есүс нүглийн уучлал өгөхийн тулд мах цусаа амласан юм. Есүс Өөрийн ард түмнийхээ төлөө болон Христэд итгэдэг хүмүүсийн төлөө Алгасал баярыг тогтоож өгсөн. Алгасал баярын чухал тал нь зөвхөн нүглийн уучлал өгөөд зогсохгүй. Энэ бол тэнгэрийн хаанчлал орохын тулд мөнх амь авах цорын ганц зам юм.
Иохан 6:50-54 “Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа. … Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.”
Есүс тэнгэрт одсоны дараа элч нарын үед элч нар ч Алгасал баярыг үргэлжлүүлэн сахиж байжээ. Харин өнөө үед Бурханы сүм 2000 жилийн өмнө Есүсийн тогтоосон цагт буюу ариун календарийн эхний сарын арван дөрөвний өдөр сахидаг юм.
Шинэ гэрээний Алгасал баярын гэрэл
2000 жилийн турш шинэ гэрээний Алгасал баярын үнэн нууцлагдсан байсан юм. Бурханы хүч чадлаар эдүгээ бид сахисан хүнд мөнх амь өгдөг, мөн дахин сэргээсэн Алгасал баярыг ухаарч чадахтайгаа болсон. Шинэ гэрээний Алгасал баярын гэрэл нь одоо дэлхийн өнцөг булан бүрд гэрэлтэж байна. Мөн бид Бурхан цусаа урсган байж бидэнд өгсөн Бурханы амлалтыг сахих боломжтой болсон юм. Алгасал баярын түүхийг хараад, энэ нь өнөөгийн христчүүдэд ч хичнээн чухал болохыг ухаараарай.