Амралтын өдрийн тухай
Христчин хүн бүрийн мэддэгчлэн Бурханд мөргөл тэмдэглэдэг өдөр гэж бий. Христийн шашныхан тэр өдрийг голдуу ням гараг гэж заадаг. Христийн шашны 850 өөр төрөл байгаа ч харин өөр өөр үзэл бодолтой байх нь зайлшгүй хэрэг. Зарим нь мөргөлийн зөв өдөр нь ням гараг гэж байхад бямба гараг байх ёстой гэж итгэдэг өөр хүмүүс бий. Мөн зарим нь онцгой өдөр байхгүй гэж хэлж байхад зарим нь ямар ч өдөр байж болно, эсвэл өдөр болгон байсан ч болно гэж боддог.
Илчлэл 22:18-19 “Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.”
Ямар төрлийн шашин байх нь хамаагүй, христийн шашны тухайд бол үндэслэл нь Библи юм. Бурхан уншигч болон судлагч хүмүүст анхааруулахдаа Библи дээр өөрсдийн үзэл санаа, эсвэл бодлоо нэмж болохгүй гэсэн. Энэ нь Бурханы төгс үг шүү дээ. Өөрөөр хэлбэл христчин хүний итгэл сүсэгтэй болон Бурханд итгэдэг хэн боловч Библи дээр нэмж, хасаж болохгүй, эсвэл утгыг нь нэмж тайлбарлаж болохгүй гэсэн. Мөргөлийн өдөртэй холбогдуулан Библид зуу зуун уламжлал, хүний гаргасан шашин, болон шашны төрөл зэргээс үл хамааран, мөргөл тэмдэглэх зөв өдрийг онцолдог.
Мөргөлийн өдрийн үүсэл
Амралтын өдөр бол Эхлэл номон дээрх бүтээлийн үеэс үүсэлтэй юм.
Эхлэл 2:1-2 “Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажлаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ.”
Эхлэл номны дагуу Бурхан зургаан өдөр ажилласан. Харин сүүлийн, долоо дахь өдрийг л Бурхан Амралтын өдөр хэмээн сонгож, энэ өдрийг ерөөж, ариун болгосон байна. Энэ бол амрах өдөр буюу мөргөлийн өдрийн үүсэл юм.
Арван тушаал доторх Амралтын өдөр
Амралтын өдрийг илүү тодорхой болгох үүднээс Бурхан Арван тушаал дотроо долоо дахь өдрийг багтааж, үүнийг Амралтын өдөр хэмээн нэрлэсэн байдаг.
Гэтлэл 20:8-10 “Амралтын өдрийг санаж, үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь амралт тул чи ямар ч ажил бүү хий.”
Бурхан Синаи ууланд Мосед Арван тушаал өгсөн. Тэрхүү Арван тушаалын нэг болох дөрөв дэх тушаал нь ариунаар сахих Амралтын өдрийн зан үйл юм. Энэ нь долоо хоногийн зургаан өдрийн амралтаас гадна өөр хийх зан үйл байгаа гэсэн үг. Энэ бол Бурханд мөргөл тэмдэглэх явдал. Ихэнх христчүүд Арван тушаал сахихыг эрмэлздэг. Тэдгээр нь зөвхөн израильчуудад зориулсан төдийгүй өнөөгийн Бурханыг дагагчид болон Бурханд итгэгчдэд зориулсан хууль дүрэм байсныг тэд мэддэг. Тийм байж яагаад тэд мөргөлийн өдрийн тухайд өөр өөр санал бодолтой байгаа юм бол? Амралтын өдөр нь ямар өдөр юм бол?
Амралтын өдөр нь бямба гараг
Амралтын өдөр Бурхан ард түмэндээ ерөөл өгч, тэднийг ариун болгодог билээ. Үүнийг ойлгож ухаарах нь Бурханд зөв мөргөл тэмдэглэхийн тулд чухал юм. Үнэндээ Амралтын өдрийг сахиснаар бид Бурханаас тэмдэг авч, Бурханы сонгосон ард түмэн болно.
Гэтлэл 31:13 “Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан, Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.”
Харин христчүүд мөргөлийн өдрийг зөв тэмдэглэх тухайд зохицуулалт дутмаг байдаг. Ихэнх нь Амралтын өдөр болон мөргөлийн өдрийг ням гараг гэж заадаг ч үнэндээ бол бямба гараг юм.
Библид ч хүртэл Амралтын өдрийг ням гараг биш, бямба гараг гэдгийг харуулж байна.

Марк 16:1-2, 9 “Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв. [Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (долоон чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ.”
Марк 16:9 “[Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (долоон чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ.”
Есүс Амралтын өдөр болоод өнгөрсний дараа долоо хоногийн эхний өдөр буюу ням гарагт амилсан. Өөрөөр хэлбэл Амралтын өдөр нь бямба гараг гэсэн үг.
Христ Амралтын өдрийг сахиж байв
2000 жилийн өмнө Есүс Христийн гүйцэлдүүлж байсан бүхий л ажил Өөрийнхөө ашиг тусын төлөө биш, харин хэрхэн дагалдагч байх ёстойг, хэрхэн христчин байх ёстойг хүмүүст харуулахын тулд байсан ажээ.
Иохан 13:15 “ Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.”
Биднийг Амралтын өдөр яаж сахихыг сурч аваг гэсэндээ Есүс бас Амралтын өдрийг сахиж байсан юм.
Лук 4:16-17 “Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод”
Анхны сүмийнхэн Амралтын өдөр сахиж байв
Есүсийн жишээг дагаад элч нар Есүсийг тэнгэрт одсоны дараа ч хүртэл Амралтын өдөр сахиж байжээ. Элч Паул Христийг загалмайд цовдлогдсоны дараа 30 орчим жил христчин байсан юм. Тэрээр мөн л Амралтын өдөр сахихыг зааж өгч байжээ.
Үйлс 17:2 “Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ.”
Үйлс 18:4 “Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.”
Паул элч Христийн сайн мэдээг зоригтойгоор, эрч хүчтэйгээр тарааснаараа элч нарын элч гэж танигдсан хүн. Тэрээр христчин хүний амьдралыг бүр үхэх хүртэл дагаж байсан юм. Тэрээр Христтэй адилханаар, Амралтын өдрийг мөн л заншил болгон сахиж байжээ.
Амралтын өдөр ням гараг болон өөрчлөгдсөн нь
Библид Христ болон элч нар Амралтын өдрийг бямба гарагт сахиж байгааг нотолсоор байхад өнөө үед хүмүүс мөргөлийн өдрийг ням гарагтай л холбож ойлгоод байдаг.
Христийг тэнгэрт одсоноос хойш сүм Ром төдийгүй барууны шашинд ч хүртэл тархан түгж, хөгжив. Тийнхүү сүм ертөнцлөг болж, харийн шашны зан үйл болон сургаалыг хүлээн зөвшөөрөв. Мөн Ромын эзэн хаан, харийн шашны тэргүүн тахилч байсан Константин МЭ 321 онд ням гаргийг албан ёсны мөргөлийн өдөр болгох зарлиг буулган, үүгээрээ бямба гаргийн мөргөлийг албан ёсны бус болгосон юм.
“Константин хаан МЭ 321 онд долоо хоногийн эхний өдрийг амрах өдөр болгон, сүр жавхлант нарны өдөр (ням гараг)” хэмээн нэрлэв.”
The History of Christianity, Time Dowley – Lion Pub. – 1990
Тэр үеэс хойш ням гаргийн мөргөл сүмүүдэд түгээмэл болж, энэхүү зан үйл эдүгээ хэнд ч илт болсон юм. Харин гагцхүү Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн сургаал нь Библид үндэслэсэн байдаг бөгөөд жинхэнэ мөргөл болох Амралтын өдрийг бямба гарагт тэмдэглэдэг юм.
Бурханы сүм Амралтын өдрийг үргэлж сахина
Амралтын өдөр бол Бурханы бүтээх хүч чадлыг дурсах өдөр юм. Библид Бурханыг хайрлаж, Бурханд мөргөл тэмдэглэх хүмүүс Амралтын өдрийг үргэлж сахих ёстой гэж тайлбарлаж байна.
Исаиа 56:6-7 “ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, зарц нь болохын тулд Түүнтэй нэгдсэн гаднынхныг, Амралтын өдрийг бузарлалгүй сахин, гэрээг минь чандлах хүн бүрийг Би ариун ууландаа аваачин, залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно.”
Библид олон зөгнөл байдаг ч мөргөлийн өдрийг өөрчилнө гэх зөгнөл ганц ч байдаггүй. Үнэндээ бол иудей биш хүмүүс ч хүртэл Амралтын өдөр Бурхан руу ирнэ гэж Библид гэрчилсэн байдаг. Энэ зөгнөлийн биелэлтийг бид Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг дээр үндэстэн ястан харгалзалгүй дэлхий дахины сая сая хүн Амралтын өдөр сахиж, Бурханы ерөөлийг авч байгаагаас харж байна.