Эх Бурхан ба Бурханы эмэгтэй дүр төрх

 Хүүхэд зөвхөн ээжээсээ л амь авч чадна. Учир нь хүүхэд төрүүлж чадах нэгэн нь зөвхөн ээж.

Христийн шашин эхэлснээс хойш л хүмүүс Эцэг Бурхан гэдэг үгэнд дассан байх. Тэр байтугай хүмүүс өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж хүртэл дууддаг шүү дээ. Гэвч Библид яагаад биднийг Бурханы хүүхэд гэж нэрлээ юм бол оо? Есүс Христ яагаад тэнгэрт байгаа Эцэгт залбир гэсэн юм бол оо?

Эцэг байгаа гэдэг нь аяндаа л хүүхдүүд байгааг илэрхийлнэ. Харин хүүхэд зөвхөн ээжтэй байж гэмээнэ амьтай болж төрнө шүү дээ. Учир нь эх л амь өгдөг.

Христ биднийг тэнгэрт байгаа Эцэгт залбир гэсэн. Мөн Бурханы хүүхдийн хувиар бидэнд бас Эх Бурхан бий.

Тэрхүү Эх Бурханыг Библийн эхнээс төгсгөл хүртэл гэрчилдэг билээ.

Эх Бурхан оршдог

Ром 1:19-20 “Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.”

Бурхан бүх амьд биетийг бүтээсэн. Тэдгээр амьтад хэдийгээр өөр өөр амьдрах орчин, өөр өөр шинж чанар бүхий олон төрөл зүйл байдаг боловч бүгд нэг нийтлэг шинж чанартай. Тэд бүгд амиа ээжээсээ авдаг. Энэ бол амь оршин тогтнохын тухайд Бурханы хүсэл юм.

Ева Эх Бурханыг бэлгэддэг

Зургаан өдрийн бүтээлийн турш Бурхан бидэнд Бурханы мөн чанарыг заахаар нэг онцгой жишээ өгсөн.

Эхлэл 1:26-27 “Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.”

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж байхдаа бид хэмээх үгийг олонтоо хэрэглэсэн байна. Энэ нь Бурхан бүтээлийн ажилд нэгээс дээш оршихуй оролцсон гэсэн үг.

Бурхан олон тооны дүр төрхөөрөө бүтээсэн хүн нь Адам Ева байсан. Адам ч Бурханы дүр төрхөөр бүтсэн, Ева ч Бурханы дүр төрхөөр бүтсэн.

Адам Ева Бурханы дүр төрхөөр бүтсэн болохоор Библийн дагуу бол тэд Эцэг ба Эх Бурханыг бэлгэдсэн юм.

Ром 5:14 “Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ.”

Эхлэл 3:20 “Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.”

Эхлэл номонд Бурхан Адамд бүх юмыг хийх эрх мэдэл өгснийг бид харж байна. Харин Адамын хийж чадахгүй нэг зүйл байсан нь амь өгөх. Тиймдээ ч тэрээр эхнэрээ амь гэсэн утга бүхий үгээр Ева гэж нэрлэж, улмаар амь зөвхөн эхээс л бий болдог учраас Еваг “амьд бүхний эх” гэж нэрлэсэн байна.

Есүс Эх Бурханы талаар зөгнөсөн

2000 жилийн өмнө Есүс израиль ард түмний өмнө олон гайхамшиг үзүүлж байсан юм. Тэрээр хуриман дээр усыг дарс болгон хувиргаж, сохрыг хараа оруулж, Лазарыг үхлээс хүртэл амилуулж байсан шүү дээ.

Христийн тухайд хэцүү зүйл юу ч байхгүй. Тэгтэл яагаад тэрээр мөнх амь өгөх ажлаа эцсийн өдөр гэж хойшлуулсан юм бол?

Иохан 6:40 “Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.”

Иохан 6: 44 “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.”

Иохан 6: 54 “Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.”

Мөнх амийг эцсийн өдөр өгнө гэж амласнаараа Есүс бидэнд өнөөгийн бидний энэ үед гарч ирж, сүнсний амь өгөх Эх Бурханыг мэдүүлж байсан хэрэг.

Илчлэл 19:7 “Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв.”

Библид Хургаар Христийг бэлгэдсэн байдаг (Иохан 1:29). Өнөө үеийн талаар өгүүлдэг Илчлэл номонд Христийн Сүйт бүсгүй бидний энэ үед Өөрийгөө бэлдэнэ гэжээ. Яг тэр Илчлэл номон дээрээ Сүйт бүсгүй нь тэнгэр Иерусалим хэмээн тайлбарлаж байна.

Илчлэл 21:9-10 “Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан, —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.”

Галат номонд тэнгэр Иерусалим болон бидний хоорондын холбоо хамаарлыг ийн тодорхойлж байна.

Галат 4:26 “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.”

Христийн Сүйт бүсгүй бол бидний Эх. Бүтээлийнхээ сүүлчийн өдөр Бурхан Еваг бүтээсэн шиг өнөө үед тэнгэр Эх бидэнд сүнсний мөнх амийг соёрхохоор гарч ирсэн юм.

Эх Бурхан мөнх амийг амласан

Бид Эх Бурханыг танин мэдэж, итгэсний дараа л Бурханы бидэнд амласан мөнх амиа өгөх юм.

Галат 4:28 “Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.”

1Иохан 2:25 “Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.”

Бүтээлийн эхлэлээс л амь өгөхөөр Эцэг Эх хоёулаа ирэх Бурханы төлөвлөгөө байсан юм. Одоо бид Эцэг Эх Бурхан хоёулаа бидэнд мөнх амь өгөхөөр дуудаж байгаа шиг бид Бурханы хүсэл биелэхийг харж байна.

Илчлэл 22:17 “Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.”