Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн ажилчин залуу сайн дурынхны ASEZ WAO баг 2019 оны 5 сарын 26-ны өдөр Богдхан ууланд цэвэрлэгээ хийлээ.
Багийнхны ажлын хамт олон, найз нөхөд нь мөн оролцож, 120 орчим хүн уулаар алхаж, хог хаягдал түүж цэвэрлэлээ.
Эртнээс байгалийн үзэсгэлэнт газар гэгддэг энэхүү уул ЮНЕСКО-д бүртгэлтэй билээ. Түүгээр ч зогсохгүй энэ уулыг дэлхийн ууган дархан цаазат газар гэдэг аж. Энэ удаагийн сайн дурын ажил нь ASEZ WAO багаас явуулдаг “TAP (Take Action Project)” хөдөлгөөний нэг хэсэг юм байна.
“Tap (тогших)” болон “Take Action (үйлс болгон хэрэгжүүлэх) гэсэн утга агуулга шингээсэн нэртэй энэ хөдөлгөөн нь “Хүн төрөлхтний болон байгаль дэлхийн тэнцвэртэй байдлын төлөө олон нийтийн ухамсрыг “тогшиж”, хамтдаа зүтгэж, хамтдаа өөрчлөлтийг бүтээх” зорилготой ажээ. Энэ зорилгынхоо хүрээнд эхний шатанд компанит аян, сургалт семинар, хурал форум явуулж, улмаар ард иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хоёр дахь шатанд халамж үйлчилгээ, яаралтай тусламж үзүүлэх гэсэн хүнд чиглэсэн үйл ажиллагаа, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль экологи хамгаалах зэрэг байгаль хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, гурав дахь шатанд олон улсын байгууллага, орон орны засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааны MOU гэрээ байгуулах, тэдний зүгээс дэмжих гарын үсэг авах, тэдэнтэй уулзалт зохион байгуулах замаар хамтын ажиллагаа тогтоох далайцтай ажлыг хийх юм байна. Шаталсан эдгээр ажлынхаа хүрээнд хувь хүнээс эхлээд цаашлаад албан байгууллага, хот суурин, улс нийгэм, эцэст нь дэлхий ертөнцийг ч хүртэл өөрчлөх нь тэдний дөрөв дэх буюу сүүлчийн шатных нь ажил болох аж.
Энэ өдөр сайн дурынхан уулын замаар алхаж, хуванцар сав, шил, цаасан аяга, ундааны лааз, хоолны уут сав, гялгар уут, хог хаягдал гээд элдэв хогийг түүж цэвэрлэв. Хоёр цаг орчим үргэлжилсэн цэвэрлэгээгээр 100 гаруй уут хог түүжээ.